Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Заамарчуудын “Ардын үг”-ийг боож унагав
2017 оны 4 сарын 21 [Уншсан тоо: 28329]

Хэд хоногийн өмнө Төв аймгийн Заамар сумын хэсэг иргэд Улаанбаатарт ирж хэвлэлийн хурал хийлгэв. Нутгийнх нь дахиад 21 мянган га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдэл ирүүлснийг багийн иргэд, сумын Иргэдийн төлөөлөгчид хуралдаж хэлэлцээд 100 хувь "зөвшөөрөхгүй" гэсэн санал өгч буцаасан ч дээгүүрээ хэдийнэ эсрэгээр шийдээд тэнд ухах сонгон шалгаруулалт зарлажээ. Компаниудын саналыг 5-р сарын 8 хүртэл хүлээж аваад ялалтын баярын өдөр задалж шалгаруулна.

Заамарчууд дахиад ялагдав. Амьгүй сарны гадаргууг нүдээр үзье гэвэл пуужин муужин гэлтгүйгээр тэндхийн Хайлааст багийг зүглэн Туулын хоёр эргийг хэрхэн устай нь хутгаж онгичсоныг харахад болно. 1990-ээд оны "Алт-1" хөтөлбөрийн дагуу энэ нутгаас 140 тонн алтыг гаргаж авсан тоо байна. Чухам эндээс “Алтан Дорнод Монгол”, “МАК”, “Монполимет”,  "Шижир алт" (“Монголросцветмет”), “Эрэл”  гээд том том компаниуд оройд нь хүршгүй жаргалыг эдэлсэн ч сумын төв гэхэд тэртээ 1968 онд ах нарын барьж өгсөн хэвээрээ. Засмал зам нэг метр ч алга. Манайх монголын хамгийн хоцрогдсон сум гэж үглэх хүн хаа сайгүй. Хандив тусламж зөндөө сонсогддог ч урсаад өнгөрсөн. “Орон нутагт орсон хөрөнгө оруулалт, үр өгөөж битгий хэл сүйдсэн байгаль, ажилгүй иргэдтэй л сум болж үлдлээ... Алт олборлохоор хөндөгдсөн талбайгаас өнөөдөр нөхөн сэргээлт хийгдэж бэлчээрийн хэлбэрт шилжүүлсэн нэг ч га талбай байхгүй... Туул голын Заамар дахь хэсэг бүрэн сүйдсэн” гэж тэдний хэвлэлийн мэдээнд дурджээ. Ийм “үйл хэрэг”-ийг өнөөдөр нийтдээ 100 гаруй лицензтэй хэдэн арван компани, араас нь хууль бус олборлогчид үргэлжлүүлэн, түйвээж өгч байгаа. Ноднин УИХ-ын сонгуулийн өмнөхөн Засгийн газрын тогтоолоор сумынханд огт мэдэгдэхгүйгээр 5000 га-г “Монголросцветмет”-д сэмхэн өгсөн нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг дагуулсан нэг ёсны инж байсан биз.      

Хамаг газраа уул уурхайд эзлэгдэх шинжтэй болсон тул 2015 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар үлдсэн бүх нутгаа буюу гол горхи, булаг шанд, өвс бэлчээр, хөшөө дурсгал, тахилга, усны эх, ойн сан гээд бүгдийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авчээ. Дахиж ухуулахгүй гэсэн баталгаа. Гэтэл энэ удаад очиж очиж сумын бүх малын тэн хагас жилийн дөрвөн улиралд нутагладаг, бэлчээр ашиглалтын гэрээтэй 48 өвөлжөө, хаваржаатай хэсгийг Төв аймгийн удирдлага ба Ашигт малтмалын газар нийлж хулхидаад уул уурхайд өгчихсөн байгаа юм.  

Яаж гэдгийг сонирхох уу? Хуулинд, ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд тэд сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж заадаг. Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газраас Заамарын Түмэнгийн дөрөлжид 5638 га, Өвөр наймганы ам нэртэй газар 15541 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай мэдэгдлийг Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалд 2017 оны 2-р сарын 24-ны Баасан гаригт ирүүлжээ. Маргааш нь амралтын өдөр, тэгээд битүүн, 27-нд шинийн нэгэн, золголтын өдрүүд, дахиад амралт гээд арваад хоног будаа. Аймгийн газрын албанаас Заамар сумын саналыг авах хоёр албан бичгийг 3-р сарын 6-нд үйлджээ. Гэхдээ эхний 5600 га-гийн бичгийг тэр дор нь явуулсан хэрнээ түүнээс гурав дахин газрын бичгийг дахиад долоо хоног саатуулж байгаад дөнгөж 13-ны орой ирүүлсэн байх юм. Хөдөөгүүр нэг тарсан багийн иргэд цугларч амжихгүй, сумын төлөөлөгчид сөхөө авч хуралдаж завдахгүй гэж тооцоолсон юм болов уу? Заамарынхан дургүй нь хүрсэн биз, түргэн авч 15-ны өдөр аль аль нь хуралдаж чадсан төдийгүй хуулийн зүйл заалтуудыг ишэлж байгаад “зөвшөөрөхгүй” гэсэн албан бичгийг маргааш нь буюу 16-ны  өдөр аймагт, бас баталгаатайг бодож шууд Улаанбаатар руу, АМГТГ-т  яаран хүргүүлжээ.

Гэхдээ албан ёсны хариуг аймгийн удирдлага өгөх ёстой. Харамсалтай нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ асуудлыг дараа, ИТХ-аар шийдье, хойшлуулж өгнө үү гэсэн тогтоол гарган явуулсан нь өнгөц харахад зөвшөөрөөгүй гэсэн хэрнээ хойшлуулах тухай заалт хуулинд байхгүй, тэгвэл зөвшөөрсөнд тооцогдоно гэдгийг мэдсээр байж нохойтсон хэрэг юм.

Харин яг үүнийг АМГТГ хүлээж байсан.  “Хуулиа л дагадаг байх даа” гэж даапаалсан байж таарна.   

Ингээд Заамарын хамгийн сайн бэлчээр, гол ус, булаг шанд, түүх соёлын дурсгалт газруудыг булааж уул уурхайд өгөх операци үндсэндээ өндөрлөв. Төрийн албан тушаалтнууд шат дамжлага болгондоо жижиг жижгээр хулхидсаар, нутгийн иргэд зөвшөөрөхгүй албан бичгийг харсаар байж эсрэгээр шийджээ. Буруу эхэлсний гинжин урвал юунд хүргэх вэ гэвэл “манайх зөвшөөрөлтэй” гэж дайрсан компаниуд дураараа дургина, нутгийнхан эсэргүүцэж малчид компанийн ажилчид, хамгаалагчидтай тэмцэлдэнэ, нэг мэдэхэд орвонгоороо эргэсэн хөрс, үлдэгдэл дээр нь найрласан нинжа, бичил уурхай, тэгээд хэдэн жилийн дараа эзэн хаяггүй бас нэг сарны гадаргуу... Тосон Заамар биш Саран Заамар!

Алт-2 хөтөлбөргүйгээр, тэр тусмаа Заамарт ухахгүйгээр Монгол Улс сөнөчих гээд байгаа бол нутгийн иргэдэд яагаад хүний ёсоор хандсангүй вэ? Эрх баригчид юуг таалж, таалахгүй байгааг МҮОНТ харуулдаг. Заамарын иргэдийн хэвлэлийн хурлыг “Монголын мэдээ”, “Цагийн хүрд” таг дуугүй гүрийв. Тэр өдрүүдэд Ардын намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн Орхон, Өвөрхангай аймгуудад хийсэн албан ёсны найрсаг айлчлалыг сурвалжлаад сөхөөгүй байв.  

Энэ хаваржин “Eagle” телевизээр “Ардын үг” гэж мундаг юм явлаа. Бид тэндээс Монгол Улсын гадаад харилцаа, монгол хэл, түүх соёл, ялангуяа хууль ёсыг хэн ганцаараа нуруун дээрээ үүрч явааг мэдэж авсан. Одоо тэр агуу эрхэм, албан тушаалтан та нар иргэдээсээ асуу, заавал асуу, би асуулгадаг болсон гэж найман жил цамнаснаа шалгуулж дараачийн “Ардын үг”-ийг Заамарт, бүр хатан Туулын эрэг дээр үлгэр жишээ сонсоод үзвэл ямар бол? Иргэдийг энд тэндээс түүвэрлэх шаардлагагүй, бүгд тэсч ядан хүлээж суугаа.

Ер нь заамарчууд Ерөнхийлөгчдөө хандах ганц арга үлджээ.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив